21/01/2024
ЯЗГУУРТНЫ УНДАА БУЮУ КОНЬЯКНИЙ ТҮҮХЭЭС...🍷
Коньяк(cognac) гэж юу вэ?
🇫🇷Францад 1939 онд коньякны усан үзэм тарих хөрсийг янз бүрийн шинжээр нь 6 бүсэд нарийн хуваан тодорхойлжээ.
Үүнд: Гранд Шампань, Пти Шампани гэсэн хоёр бүс хамгийн шилдэгт тооцогддог бөгөөд цэрдийн агууламж хамгийн их хөрстэй учир усан үзмийн спиртэд их онцгой амт оруулдаг байна. Дараагаар нь Бордери болон Фэн Буа гэдэг хөрс ордог. Бордери спиртүүд амтлаг, хурц тод амттай, коньякийг “хүрээтэй” болгодог. Бусад бүсийн спиртүүд коньякийн бие болж, шинэ коньяк үйлдвэрлэхэд зориулагдана.
Францын Коньяк хот нэрээ эртний Ромчуудаас авчээ. Ромийн үед энэ бүс нутаг, тойргийг "Coqnu" муж гэж нэрлэдэг байснаас яваандаа Coqnac болсон байна. Коньяк хот Шаранта голын эрэгт, Парис хотоос 465 км зайд оршдог.
Коньяк хотод төрсөн 1-р Франсиск хаан 1515 онд төрөлх хотдоо онцгой эрх олгож, дарсны худалдааны татварыг бууруулжээ. Энэ нь нутгийн дарс үйлдвэрлэгчид идэвхтэй ажиллах таатай нөхцлийг бүрдүүлсэн байна. Чухам энэ 16-р зуунд л нутгийн цагаан дарсыг нэрж, усан үзмийн спирт гаргаж сурчээ. 17-р зуунд химийн мэргэжилтнүүд спиртийг 2 дахь удаагаа нэрж, коньякийн гол нууцыг гаргаж авчээ. Ингэж 2 дахин нэрснээр спирт илүү хатуу, цэвэр бөгөөд зөөлөн амттай болдог аж.
Тийнхүү 2 дахь удаа нэрэх үед спиртийг “толгой”, “бие”, “сүүл” гэсэн гурван бүлэгт хуваажээ. Удаан хадгалахад зөвхөн “бие”-ийг сонгодог. Дарс үйлдвэрлэгчид коньяк үйлдвэрлэх түүхэн сүүлчийн алхмыг хийсэн нь энэ байж. Тэд дарсны спиртээ царсан торхонд дарснаар өнгөгүй, тунгалаг спирт шаргал өнгөтэй, гайхалтай амттай болдог байна...
Францын бүх бүс нутагт дарс дарах нь түгээмэл болсон ч Шарантын нэрэлт нь цэвэр бөгөөд төгс амтаараа бүх брендээс ялгардаг аж.
1909 оноос Шарантын эргийн дарсан усан үзмийн спирт “Коньякийн бренди” гэгдэхээ больж, зүгээр л “коньяк” гэх нэртэй болжээ.
Жинхэнэ коньякийг нутгийн усан үзмээс гарган авч, тэндээ зэс тогоонд уламжлалт давхар аргаар нэрж, торхонд дарах ёстой. Коньякийн районы талбайг улсаас хязгаарласан байдаг. Хил хязгаарыг хөрсний чанар болоод уур амьсгалд тэсвэртэй байдлаар нь нарийвчлан тогтоодог. Районд 250 гаруй үйлдвэрлэгч байх бөгөөд тэд бүгд бий болсон цаг хугацаа, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, санхүүгийн байдал, амт, орц найрлага, барааны тэмдгийн нэр хүндээрээ ялгаатай. Үйлдвэрлэгч бүр өөрийн гэсэн хэв маягтай байдаг гэнэ...